Тамсагийн сав газарт газрын тос олборлогч Хятадын “Петро Чайна Дачин Тамсаг” компани Монгол Улсын Засгийн газартай 1993 онд бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн юм. Яагаав, анхны Ерөнхийлөгч П.Очирбатын дээлийнхээ энгэрт алганыхаа хээг тамгалсан тэр торгон мөчийг уншигчид санах биз. Энэхүү гэрээ нь тухайн үедээ л том гэрээ байж. Гадаадын хөрөнгө оруулалт бараг “нооль” заачихсан цаг үе шүү дээ. Америк, Канад нийлсэн хэдэн хүн тийш нь компаниа оруулж, удалгүй гарч явахдаа газрын тосны ордыг нь Хятадуудад шилжүүлсэн юм билээ.
Харамсалтай нь тэнд Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петро Чайна Дачин Тамсаг” компани орж ирээд манай засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа өөрийн талд өндөр ашигтай нөхцөл тулгаж амжсан байлаа. Энэ гэрээгээр хуанлийн сард хуваах тосны үйлдвэрлэлийн өдрийн дундаж хэмжээ 50 мянган баррелиас бага байвал Монголын тал 35 хувь, Хятадууд 65 хувийг нь хүртэнэ. Сүүлийн жилүүдэд манайхан энэ хувиа бүрэн авдаг эсэх нь эргэлзээтэй болоод байна. Нийт 25 бүлэг, 95 хуудас бүхий гэрээний наймдугаар зүйлд “Төлбөр ба бүтээгдэхүүн хуваалт” гэсэн хэсэг бий. Энд зааснаар бол “Бүтээгдэхүүний аливаа төлбөр нь ашигт тосны Монголын хувьцаанд багтах бөгөөд түүнийг “МГТ” компани Засгийн газарт төлнө” гэжээ. Харамсалтай нь “МГТ” буюу “Монгол газрын тос” компани болон Газрын тосны газрын удирдлагын шунахай сэдлээр төрийн данс руу орох мөнгө нь өөр зүгт алга болж байсан баримтыг хэвлэлүүд дэлгэсэн байдаг.
Энэ мэтчилэн засгийн газар найр тавьж дээрх компанийг эрхлүүлсээр байхад дураараа хятад нөхөд хулгай хийх болсон байна. Харин дээрх хилээр баялаг давуулахыг оролдсон тохиолдолд компанид ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: http://mongolcom.mn/read/13044
